Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Монгол Улсын Хосгүй үнэт үзмэрт илгээсэн бүтээлүүд

Аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзмэрийн нэг, уран сийлбэрч Х.Монхооройн урласан модон оёдлын машин болон Дарьгангын алдарт дархан Д.Моломын ур ухаан, өвөрмөц хийцийг харуулсан бүтээлийн нэг луутай мөнгөн аягыг Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт дэвшүүлж материалыг нь илгээжээ.

Х.Монхоорой1963 онд нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн модон оёдлын машиныг урласан. энэхүү оёдлын машин нь Орос оёдлын машинтай харьцуулахад арай жижиг алхам холтой оёдог. Уг модон машин нь одоо аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзмэрийн нэг болж олны хараа сонирхолыг татсаар байгаа юм. “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж тэрбээр хуучилдаг байжээ.

Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965 оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдан олны хүртээл болж байгаа “Чоно авлагч”, “Адуучин”, “Чоно хөөж буй буур”,”Худаг гаргагч”, “Азарганы ноцолдоон” , “Зээрийн сүрэг”, “Буга согоо” зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн байна.

Х.Монхоорой нүүдэлчин монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяас бүхий алдартай сийлбэрч хүн байсан байна.

Дарьгангын алдарт дархан Д.Моломын ур ухаан, өвөрмөц хийцийг харуулсан бүтээлийн нэг бол Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа энэхүү мөнгөн аяга юм. Аяганы ёроолд лууг хөдөлгөөнтэйгээр урласан төдийгүй лууны цаад талын дэвсгэрийг төгсгөлгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэннаст хээгээр дэвсгэрлэсэн байна.

Аяганы туурганд найман тахилыг товойлгон урлаж, доод хүрээгээр давхар хумсан хээгээр чимэглэсэн. Аяганы суурийн хүрээгээр зээг ороосон эмжээртэй.

Энэхүү мөнгөн аягыг мөн өнгөрсөн онд Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт дэвшүүлжээ.

Ард түмнийхээ дунд Шар дархан хэмээн алдаршсан Дамбын Молом 1898 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Дамбын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Дамба дарханыг шашны эд зүйл хийхдээ дээд зэргийн нарийн уртай хийж чаддаг дархан байсан гэж үздэг. Молом дархан багаасаа багшийнхаа /аавынхаа/ ур ухааныг уламжлан авч утсан сүлжмэл, давхар хөөмөл, давхар цохилт буюу давхар ухалттай мөнгөн эдлэлүүд бүтээж тууривсан байдаг аж.

Дарьгангын алдарт дархан Д.Молом нь өөрийн бүтээлдээ найман тахил, дөрвөн хүчтэн, тоонолжин хээ, зэрэгт лууг хөөцөлдүүлэн хөдөлгөн урлахдаа маш чадварлаг нэгэн байжээ.