Сүү, цагаан идээний Гарлам хоршоо Баруун-Урт суманд 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүний чиглэлийн алатау үүлдрийн үнээг өсгөн үржүүлж, уламжлалт аргаар сааж сүү, цагаан идээ үйлдвэрлэн орон нутагтаа борлуулдаг. Одоогоор 15 үнээ сааж байгаа бөгөөд өвлийн улиралд өдөрт 250 мянган төгрөгийн сүү борлуулдаг байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдийг цэвэр сүүгээр хангах ажлыг Гарлам хоршоо ийнхүү амжилттай эхлүүлжээ.
Алатау үүлдрийн үнээний сүү өтгөн, тослог ихтэй байдаг учир иргэд, хэрэглэгчид худалдан авах дуртай болжээ. Зуны цагт сүүний гарц хоёр дахин нэмэгддэг учир бүх төрлийн цагаан идээг боловсруулдаг байна. Улмаар аймгийн төвд цагаан идээний лангуу нээж, мал эмнэлгийн лабраториор бүтээгдэхүүнээ шинжлүүлж борлуулдаг болсноор тогтмол орлоготой болсон байна.
Манай хоршоо 2019 оны 1 дүгээр сард Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Гансүх гэж хүнээс Алатау үүлдрийн 10 үнээ худалдан авч Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаагаа эхлэсэн түүхтэй. Энэ үеэс одоог хүртэл 91.500 литр сүү сааж, сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Баруун-Урт сумын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн байна. Жилээс жилд алхам алхамаар урагшилсаар л байна. Одоогоор хоршоо маань үнээний хоёр байртай, гурав дахь байраа арьж байна. Мөн 28 тугалах үнээтэй, өөрийн тугалнаас цэвэр алатау үүлдрийн бухтай болоод байгаа. Цаашид зуун үнээ, таван байртай сүүний ферм болгон өргөжүүлэхээр зорьж байна гэж хоршооны гишүүн, Мөнххаан сумын малчин Т.Хайдав ярилаа.
Сүүний чиглэлийн үнээнээс хамгийн өтгөн сүүтэй нь алатау үүлдэр. Тослог нь 3.8%. Гарлам хоршоо сүүгээ фермээс шууд иргэдэд нийлүүлдэг. Өөрийн хаяг шошго бүхий савалгаатай бөгөөд нэг литр сүү нь 4500 төгрөгийн үнэтэй аж. Мөн худалдаанаас илүү гарсан сүүгээрээ тогоо нэрж, нэрмэл болон аарцыг нь худалддаг байна.