Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Бүх сумын чиглэлд зам нээнэ

Аймгийн Онцгой комиссоос орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн команиудын техник хэрэгслийг ашиглан зам нээх ажлыг бүх чиглэлд хийх шийдвэрийг гаргалаа.

Зам цасанд хаагдсаны улмаас малчид хүнс тэжээлээ бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс энэ цаг үед зам нээх асуудал нэн шаардлагатай болоод байгаа учир дээрх шийдвэрийг гаргажээ. Эхний ээлжинд Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон,Наран сумдын замыг нээнэ. Цаашид бүх сумдын замыг шат дараатай нээнэ. Ингэж байж бүхий л төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэх юм.

Өнгөрсөн аравдгаар сард тус аймгийн нийт нутгаар анхны цас орсон өдрөөс зам хаагдсан. Орон нутгаас шаардлагатай арга хэмжээг авч, бүх суманд зам нээх чиглэл өгснөөс хойш Баруун-Урт сум гэхэд  зургаан чиглэлд 140 км газарт цас хагалж, зам гаргажээ. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баяндэлгэр, Түвшинширээ сум болон Баруун-Урт – Улаанбаатар чиглэлд ОБГ-ын алба хаагчид 700 гаруй км замыг нээжээ.