Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Түмэнцогт суманд ажиллалаа

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Түмнцогт суманд ажиллалаа. Малчдын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал бодлыг нь сонсон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэжмээний талаар мэдээлэл өгсөн юм.

Түмэнцогт сум 120 мянга гаруй толгой малтай. Хоёрдугаар сарын 20-ны байдлаар 7000 орчим мянган мал хорогджээ. Өвөлжилтийн байдал баруун урд болон зүүн урд хэсгээр хүндэрчээ. Цас ихтэй мал бэлчээрлэх боломжгүй болссон.  Хохирол амсаагүй малчид ч ховорхон байгаа аж. Ажлын хэсгийнхэн арваад өрхөөр орж, млчидтай уулзсан. Малчдын хувьд баг, сумын хоорондын замыг нээх нь нэн чухал байгааг хэлж байна. Замгүйн улмаас өвс, тэжээлдээ залгаж чадахгүй мал сульдаж үхэж байгааг хэлж байв. Мөн сум, багийн дарга нарын хамтын ажиллагаа хангалтгүй байгааг шүүмжилж байна. Өнөөг хүртэл ядаж утсаар холбогдож, мэнд мэдэхийн зэрэгцээ малын хорогдлын талаар асууж лавлаагүй гэв.

Тус суманд нэг боодол өвс 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ нөөцгүйн улмаас энэ үнээрээ ч өвс олдохгүй болжээ. Тиймээс өвс, тэжээлийн нийлүүлэлт чухал байгааг малчид уламжиллаа. Харин аймгийн Засаг дарга М.Идэрбат шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сумын удирдлагуудад үүрэг болгож, аймгаас ч зохих дэмжлэгийг үзүүлэхээ хэлсэн. Өвсний үнийг 10 мянгаас дээш гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.