Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

600 гаруй хүүхэд танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна

Зудын нөхцөл байдлаас шалтгаалан тус аймгийн 600 гаруй хүүхэд тахимын сургалтад хамрагдаж чадахгүй хэвээр байна. Хэдийгээр цахимаар болон зайнаас суралцаж байгаа ч хичээлийн хоцрогдол үүсч, хүүхдүүд түлш түлээ, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэл өндөр байгааг БШУГ-аас анхаарууллаа.

УОК болон аймаг орон нутгаас зам нээх ажлыг хийж байгаа ч яг малчны хотонд байгаа хүмүүс чөлөөтэй зорчих боломж хараахан бүрдээгүй. Өөрөөр хэлбэл малчид сумынхаа төврүү явах замгүй хэвээр байна. Тиймээс нэн тэргүүнд зам нээх асуудлыг шуурхайлахыг сануулж байна. Учир нь малчин өрхүүд түлээгүй болох, хоол хүнсээ татан авч чадахгүйн улмаас хүүхдүүд даарах, өлдөх магадлал өндөр. Тэд хэдий гэртээ байгаа ч цас зуд, малчдын амьдралын яг өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрсдэлт нөхцөлд байгаа. Үүнтэй холбоотойгоор дотуур байранд орох хүсэлтэй хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж байна. Боловсролын байгууллагаас орон нутгийну дирдлагуудтай хамтран хүүхдүүдээ татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн. Мөн хүүхэд бүрт чиглэсэн хандив тусламжийн аяныг салбарын хэмжээнд өрнүүлж байна. Аймаг, сумын төв дээр аваад ирсэн хүүхдүүдээ ямар нэг байдлаар хүлээн авч, анхаарна гэдгийг аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа хэлэв.

Сүхбаатар аймгийн хэмжээнд боловсролын байгууллагад 20 гаруй мянган хүүхэд суралцдаг. Үүнээс ЕБС-д 14200, цэцэрлэгт 6000  орчим, МСҮТ-д 300 гаруй нь суралцдаг.

Харин 1200 орчим хүүхэд дотуур байранд, 2000 гаруй хүүхэд айлд амьдардаг байна.