Сүхбаатар аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, бүх сум төмөр зудын ангилалд шилжсэн. Малын хорогдол 700 мянгыг давж, малчин өрх бүр тавиас дээш хувийн малын хорогдолтой байгаа. Энэ хүнд цаг үеийг даван туулах, малчдадаа дэмжлэг үзүүлэх олон хандивын аян тус аймагт өрнөж байна.
Аймгийн ЗДТГ-аас санаачлан “Хамтдаа даван туулъя” аяныг өрнүүлж байна. Төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдыг аянд нэгдэж, хүн тус бүрийг нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалж буй. Аянд ЗДТГ-ын хамт олон бүрэн нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивласнаар хуримтлалыг эхлүүлжээ.
Хоёрдугаар сарын 21-нд эхлүүлсэн тус аянд одоогоор 17 байгууллага нэгдэж 10 гаруй сая төгрөг цуглараад байгаа бөгөөд хамгийн өндөр хандивыг Цагдаагийн газрын хамт олон өргөж, 3 сая 900 мянган төгрөгийг хандивлажээ.
Мөн бэлэн мөнгөнөөс гадна бараа материалын хандиваар ч нэгдэж буй ААНБ байгаа аж. Жишээлбэл, аймгийн Улаанзагамайн хорооны хамт олон 70 ширхэг нэмнээг малчдадаа илгээхээр хүлээлгэн өгсөн байна.