Аймгийн хэмжээнд зам нээх ажил үргэлжилж байна. Уг ажилд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 17 компани хамтран ажиллаж, хоёрдугаар сарын 19-нөөс хойш ес хоногийн хугацаанд нийт 9143 км замыг нээжээ.
Эхний ээлжинд аймгаас сумдруу чиглэх төв магистрал замыг нээх ажлыг шат дараатайгаар хийж байна. Нээгдсэн зам дахин битүүрэх, цас зузаарч хатуурсны улмаас техникийн эвдрэл гарах зэрэгтэй холбоотойгоор зам нээх ажилд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байгааг аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. Дээрх 9143 км замыг нээхэд 401,7 сая төгрөг зарцуулсан байна.
Үүнээс гадна сумдын онцгой комисс доторх замаа буюу баг хооронд, багаас малчны хот хүртэлх замыг нээх ажлыг зохион байгуулж байгаа. Уг ажилд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг болгон илгээсэн ЗИЛ 131 машиныг сумдад хуваарилсан. Малчдад өвс тэжээл хүргэх зорилгоор зам нээх ажлыг давхар хийж буй. Гэвч энэ нь малчин өрх бүрт хүрч чадахгүй байгаа аж.