Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Малчдад зориулсан хандив, тусламжийн цуваа үргэлжилж байна

Зудад нэрвэгдсэн малчдад зориулсан хандив, тусламжийн цуваа үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комисс, Олон улсын байгууллагууд, Нутгийн зөвлөлөөс ирүүлсэн доорх хандивууд эзэддээ хүрчээ.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 50 хувийн хөнгөлөлттэй 35.6 сая төгрөгийн үнэ бүхий 197.75 тн буюу 7910 шуудай хивгийг бүх суманд, мөн Засгийн газраас үнэгүй олгосон 148.85 тн буюу 5054 шуудай хивэгнээс одоогийн байдлаар 81 тн буюу 3240 шуудай тэжээлийг 11 суманд олгосон. Үлдэгдэл 67.85 тн буюу 2714 шуудай тэжээл одоогоор ирээгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусламжаар үнэгүй ирсэн 147 тн буюу 5880 шуудай хивэг, 39.8 тн буюу 995 шуудай багсармал тэжээл, 50 тн хүнсний багцыг сумдад хуваарилан олгож эхэлсэн. Одоогийн байдлаар Түвшинширээ, Уулбаян сумд татаж аваад байгаа аж.

Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс сум бүрт 15 тн буюу 600 шуудай хивгийг үнэгүй, Баруун-Урт сумын нутгийн зөвлөлөөс 100 тн буюу 4000 шуудай хивгийг Баруун Урт, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр сумдад үнэгүй олгосон байна.

Дэлхийн зөн ОУБ-аас Баруун-Урт сумын 160 малчин өрх, Сүхбаатар сумын 60 малчин өрх, Баяндэлгэр сумын 100 малчин өрх нийт 300 өрхөд өрх тус бүрт 660 мянган төгрөг, 200 кг хивэг олгох ажил хийгдэж байна.  Мөн Японы хүүхдийг ивээх сангаас Халзан, Уулбаян, Түвшинширээ сумдын 150 өрхөд тус бүрт 500  мянган төгрөг, Улаан загалмайн хорооноос найман сумын 200 өрхөд өрх тус бүрт 550 мянган төгрег олгожээ.

Харин ирэх гуравдугаар сард Дезерит ОУБ-аас 200 өрхөд хүнс, эрүүл мэнд, ахуйн хэрэглээ, өрх тус бүрт 450 мянган төгрөг олгохоор болсон байна.