Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Японы хүүхдийг ивээх сангаас 125 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн зудад өртсөн малчин өрхүүдэд болон аймгийн ОБГ-т нийт 125 сая төгрөгийн тусламжийг үзүүллээ.

Үүнд Түвшинширээ, Халзан, Уулбаян сумдын 180 өрхөд тус бүр 500 мянган төгрөг, 12 сая төгрөг буюу хүүхдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургалтын зардлыг бүх сумдад, мөн ОБГ-т зудын эрсдлийг бууруулах ажилд зориулсан 22 сая төгрөгийн өртөг бүхий туулах чадвар сайтай авто машины дугуй болон шатахуун олгов.

Зудын нөхцөл байдал нийт нутгаар хүнд байгаа. Малын өвс тэжээлийн дэмжлэгээс илүү малчдад өөрсдөд нь олон төрлийн дэмжлэг нэн шаардлагатай байгаа. Тиймээс олон улсын байгууллагуудад хандаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Малчид бэлэн мөнгөний хомсдолд орсон, мөн малчид болон тэдний хүүхдүүд сэтгэлзүйн хувьд хүнд байгаа. Тиймээс малчдын хүүхдүүдэд харьяа сум, сургуулийн багш нараар дамжуулан сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд ээлжит тусламж Японы Хүүхдийг ивээх сангаас ирж байна гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат онцоллоо.

Дээрх сумдын малчдын төлөөлөл ирж, тусламжаа өөрсдөө гардан авсан юм. Тэдний хувьд үлдсэн цөөхөн малаа авч үлдэхийн тулд өвс тэжээлээр тасалдуулахгүй байх нь чухал. Тиймээс тусламжийн мөнгийг малдаа зарцуулна гэдгээ хэлээд, Японы ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлж  байлаа.

Харин Япоын Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хэлэхдээ, бидэнд өнгөрсөн долоо хоногт аймгийн удирдлага хандаж, малчин иргэддээ туслахыг хүссэн. Манай сан Сүхбаатар аймагтай нягт хамтарч ажилладаг. Хэд хэдэн томоохон төслийг ч хэрэгжүүлж байсан. Энэ бол хамтын ажиллагааны үргэлжлэл. Зудад өртсөн малчдад зориулсан энэ ажил ингээд зогсохгүй. Цаашид малжуулах ажлыг хэрхэн хийх боломжтой талаар судалж, хамтран ажиллах болно гэв.