Уулбаян сумын Засаг дарга Д.Амартайванаас цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар тодрууллаа.
–Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан. Сум орон нутаг маань хүнд нөхцөлд байгаа ч малчидтайгаа л нэгэн адил сайхан цаг ирэхийг хүлээж сууна даа.
–Уулбаян сумын хэмжээнд зудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр сум бүхэлдээ төмөр зудын ангилалд шилжсэн, гамшгийн байдалд байна. Хүн, малгүй л зутарсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн дөрвөн сарын хугацаанд 3-5 хоногийн давтамжтай цас орж, цасан шуурга шуурсан. Нийт нутгаар дунджаар 50-90 см зузаан цастай байна. Өөрөөр хэлбэл малчид нүүдэллэх, мал бэлчээрлэх ямар ч боломжгүй болсон. Өнгөрсөн оны жилийн эцсээр манай сум 204 мянга гаруй толгой мал тоолуулсан. Одоогоор 40 орчим мянга нь хорогдоод байна.
–Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан байв?
-Хэдийгээр сум орон нутаг, малчид хувьдаа өвөлжилтийн бэлтгэлийг хангасан хэдий ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө үнэндээ өвдөг сөхрөөд байна. Сумын аюулгүй нөөцөд 20 гаруй тонн өвс нөөцөлсөн ч арванхоёрдугаар сард малчдадаа олгоод дууссан. Үүний дараа хоёрдугаар ээлжийн өвсийг аймгийн ХХААГ-тай гэрээ байгуулж, 40 сая төгрөгийн өвсийг татан авч, хамгийн доод үнээр буюу арван мянган төгрөгөөр худалдсан. Гэвч энэ хүрэлцээгүй. Тиймээс бусад ААНБ-уудтай хамтран ажиллаж 163 тонн өвсийг татан авч төвлөрүүлээд байна.
–Хандив, тусламж танай суманд хэр очиж байна?
-Мэдээж цаг хүнд байгаа энэ үед газар газраас тодорхой дэмжлэг тусламжууд ирж байна. Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс болон Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс 40 гаруй тонн өвс тэжээлийн дэмжлэг ирсэн, үүнийг малчдадаа хуваарилж байгаа. Мөн хамгийн сүүлд Японы Хүүхдийг ивээх сангаас 60 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Энэ мэт олон улсын тусламж үйлчилгээнд өрх бүрээ л хамруулахыг зорьж байна. Малчид бэлэн мөнгөний хомсдолд орсон. Санхүүгийн дэмжлэг бол яалт ч үгүй бодит дэмжлэг болж байна. Энэ мөнгөөрөө малдаа л зориулна гэсэн хүмүүс байна. Өөрөөр хэлбэл хотондоо үлдсэн хэдээ яаж тэнхрүүлж, авч үлдэх вэ гэдэг л одоогоор малчдад чухал болоод байгаа юм.
–Малчдад өвс тэжээл, бензин шатахуунаа татаж авахын тулд зам нээлгэх асуудал л нэн чухал байна. Танай сумын хувьд энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байна?
-Яг тийм. Малчдаас ирүүлж буй гол санал бол зам нээх тухай л байна. Хоёроос гурван удаагийн давтамжтайгаар сумын хэмжээнд 650 орчим км зам нээгээд байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн техникийг болон хувь хүний ковш машиныг хамгийн хямд үнээр нь түрээслэж, зам нээх ажилд дайчилж байна. Хоёрдугаар сарын 17-ны шуурга үндсэндээ бүх замыг хаасан. Өвс тэжээл болоод сум нүүрсээ татан авч чадахгүй байдалд орсон. Тиймээс дахиад л шинээр нээж эхэлж байна. Аймгийн төвөөс сум хүртэлх, сумынхаа төвөөс зургаан чиглэлд 18- 20 хүртэлх км замыг хагалж байгаа. Ингэж гол замыг нээснээр иргэд маань төв замтайгаа холбосон замаа өөрсдөө нээж эхэлсэн. Одоогоор манай сумын хувьд замын нөхцөл байдал хэвийн байна.
–Зэвсэгт хүчний анги байгууллагаас гаргасан сэргээн босгох баг танай суманд ажиллаж байгаа юу?
-Энэ баг манайд тав дахь хоногтоо ажиллаж байна. Цасанд дарагдсан айлыг нүүлгэн шлжүүлэх, үхсэн малын сэг зэмийг замын хажуугаас холдуулж зөөвөрлөх зэрэг ажлыг хийж байна. Тэд бидэнд маш том дэмжлэг болж байгаа. Энэ бол үнэхээр үр дүнтэй, зөв ажил гэж харж байгаа.
–Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.