Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 111 жилийн ой тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллага болох БиБиЭс телевизийн сэтгүүлч С.Чимэдцэеэг онцолж байна.
Тэрбээр 2020 оноос өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу тус телевизэд дагалдангаар ажилд орж, улмаар 2023 онд Хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч мэргэжлээр төгсжээ.
С.Чимэдцэеэ яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон, яагаад орон нутагт ажиллахыг илүүд үзсэн талаараа хэлэхдээ, “Сурагч байхаасаа л юм хөтлөх дуртай, шүлэг яруу найраг унших сонирхолтой байсан. Тухайн үед ээж маань орон нутгийнхаа телевизийг байнга үздэг байсан болохоор зар сурталчилгаа явсан ч уншиж буй хүнийх нь хоолой их гоё сонсогддог, телевизээр гарч байгаа ах эгч нар гоё харагддаг байлаа. Гэртээ тэднийг дуурайж хийж үзнэ, сурвалжлагч болж гэрийнхнээсээ ярилцлага авна. Ингэж дурлан дуралсаар сэтгүүлч болох гараагаа эхэлж, аймгийнхаа телевизэд орсон доо. Гэхдээ энэ ажил харагддаг шигээ тийм ч амархан биш гэдгийг одоо ч мэдэрсээр байгаа. Мэдээж мэргэжлийнх биш болохоор гологдох, өөрөө өөртөө урам хугарах үе олон байсан. Гэхдээ хүн үнэхээр дуртай зүйлээ орхиж чаддаггүй юм билээ. Цагаахан шар байсан болохоор сэтгүүлч мэргэжлээр сурахаар шийдэж, ажлынхаа хажуугаар суралцсан. Нөгөө талаар багынхаа хүсэл мөрөөдөлд үнэнч байж чадсан болохоор сэтгүүлч гэх эрхэм алдрын эзэн болж чадсан гэж боддог. Сургуулиа төгсөөд албан ёсоор сэтгүүлч болсон доо. Үнэхээр мартагдашгүй тийм гоё мэдрэмж байсан. Төв газар ажиллах боломж олон байсан ч би орон нутагтаа ажиллахыг илүүд үзсэн л дээ. Анх эндээс л ажлынхаа гарааг эхэлж, микрофон барьж, камерны өмнө зогсох боломжийг олгосон болохоор анхны хамт олноо орхиж чадаагүй. Яахав өөрийгөө илүү чадавхжуулах, туршлага судлахын тулд Малчин телевизэд таван сар ажилласан. Э.Дагиймаа даргынхаа удирдлага дор маш их зүйлийг сурсан. Намайг богино хугацаанд ч гэсэн дэмжиж, зааж зөвлөж байсан Малчин телевизийн хамт олондоо үргэлж талархдаг. Одоо бол сурсан мэдсэнээ нутагтаа зориулж, телевзийнхээ мөн орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндийг өндөрт гаргахыг хүсдэг дээ. Нэгдүгээрт хайртай бүхэн минь энд байна. Хоёрдугаарт мэргэжлээрээ ажлаараа дамжуулан сайн сайхныг цогцлоож, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд, хүмүүсийн сайн сайхны төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Ер нь орон нутгийн хэвлэлийнхэн төвийнхнийг бодвол илүү хөрвөх чадартай болдог. Сэтгүүлчээ хийхийн хажуугаар шаардлагатай бол зураглаачаа ч хийчихдэг. Монтажны программ дээр ажилчихна. Төвийнхөн бол чиг чигийнхээ ажлыг хийдэг юм билээ. Тэгэхээр салбарынхаа дадлага, туршлагатай ах эгч, найз нараасаа өдөр бүр суралцаж, илүү их хичээн ажиллах болно” хэмээсэн юм.
Сэтгүүлзүйн салбарт тэр дундаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө тулгамддаг бэрхшээл бол боловсон хүчний асуудал байдаг. Гэвч сүүлийн үед шинэ, залуу үеийнхэн түүний нэгэн адил орон нутагт ажиллахыг илүүд үзэх болсон тухай МСНЭ-ийн удирдлагууд тодотгодож байсан юм. Сүхбаатар аймагт телевиз, сонин, сайт гэсэн гурван мэргэжлийн редакц энэ салбарт тогтмол үйл ажиллагаа эрхэлж байна.