Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хүмүүн бичигтэн хамт олон

Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газар байгуулагдсан цагаасаа хойш Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагаас эрхлэн гаргадаг Хүмүүн бичиг сонинг хамт олноороо захиалан байгууллагынхаа үйл ажиллагаанд ашиглахын зэрэгцээ албан хаагчдынхаа монгол бичгийн ур чадварыг дээшлүүлэхэд ашиглаж иржээ.

Эх хэл, бичиг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, 

бүх нийтийн монгол бичгийн хэрэглээг дээшлүүлэх, үндэсний бичгээ сэргээн хэрэглэх төрийн 

бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Соёл, урлагийн газраас олон төрлийн ажлыг хэрэгжүүлжээ. Жишээлбэл, салбарын 15 байгууллагаараа Хүмүүн бичиг сонинг захиалдаг, долоо хоногийн нэг өдрийг монгол бичгийн уншлагын цаг болгосон,  орон нутгийн хэмжээний бүх хурал зөвлөгөөнд байгууллагын тайлан, мэдээллээ танилцуулах, албаны бичиг хэрэг хөтлөлт зэргийг хос бичгээр хөтөлж  хэвшсэн зэрэг нь тус хамт олны онцлог.  

Мөн 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбоотойгоор монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албаны хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангах хүрээнд албан хаагчдаа чадавхжуулах зорилгоор МУГБ Ш.Чулуунбор удирдлага дор байгууллагаараа 15 цагийн дүрмийн сургалтад хамрагджээ. Энэ хүрээнд салбарын алба хаагчдаас ур чадварын шалгалтыг тогтмол авдаг болсон байна.

2023 онд Соёлын яамнаас зарласан “Хос бичигтэн байгууллага” улсын уралдаанд тус газар тэргүүн байр эзэлсэн юм.