Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Байраа зараад сагсан бөмбөгийн талбайтай болж байсан дасгалжуулагч улсдаа шилдэг нь болжээ

Д.Тасхүү өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн гурван жилийн өмнөөс сагсан бөмбөгийн клубээ хичээллүүлж эхэлсэн. Ингэхдээ орон сууцаа заран хашаа байшин  авч, хашаандаа жижиг сагсны талбай байгуулж, цөөн тооны хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө улсдаа данслагдсан дасгалжуулагч болжээ.

Тэрбээр 2022 2023 оны Монгол Улсын шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм. Өдгөө Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг. Мэргэжлээрээ 2015 оноос хойш ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл багшаар ажиллахынхаа хажуугаар клубээ хичээллүүлдэг.





Эдний клуб одоо 100-120 тамирчинтай. Үүний тавин хувь нь нас насны шигшээ багийн тамирчид. Өнгөрсөн  онд U18 насны өсвөрийн Улсын аварга шалгаруулах нэгхэн  онооны зөрүүтэй хожигдож мөнгөн медаль хүртэж байсан бол хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-д тэргүүлж, аваргын цомыг өргөсөн юм. Мөн U13 насны 3×3 тэмцээнд тамирчид нь түрүүлж, шилдэг тоглогчид тэдний багаас, мөн багш нь ч шилдгээр шалгарсан юм. Энэ бахдам амжилтыг гаргасан тэднийг аймаг орон нутгийн удирдлагуудаас эхлээд хамт олон, гэр бүлийнхэн нь ёслол төгөлдөр хүлээн авч, амжилтаар нь аймаг даяараа бахархан бахдаж байна.

Монгол Улсын мэргэн Л.Одсайханаас анх дасгалжуулагч гэж ямар байх ёстой, ажиллах арга барилын талаар суралцаж байлаа. Ингээд хэдэн хүмүүс, дэмжигчид маань санал тавьсаны дагуу Ван дрийм клубээ гурван жилийн өмнө байгуулсан. Коронавиурсний цар тахалын үеэр гэр бүлийнхээ хүнтэй ярилцаад байраа зарах шийдвэрийг гаргаж, хашаа байшин аваад шууд л жижиг талбайг хашаандаа байгуулсан. Тухайн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нэг дор таваас илүү хүн байж болохгүй гэж байсан учраас нас насны таван хүүхдийг цуглуулаад, таслартгүй гурван сар гадаа бэлтгэл хийсэн. Учир нь тухайн үед зааланд орох ямар ч боломж байгаагүй. Харин одоо бид шинэ спорт цогцолбороо тэсэн ядаж хүлээж байна. Манай хуучин спорт ордны талбай яг сатнадртынх биш. Завжны гурвын зураасгүйгээс эхлээд учир дутагдалтай зүйл олон. Гэвч бид өнгөрсөн хугацаанд энэ зааландаа л бэлтгэл сургуулилтаа хийж, өнөөдрийн амжилтыг гаргасан. Өөрөөр хэлбэл стандартын бус талбайд бэлтгэл хийсэн ч мундагуудтай хоёр жил эн тэнцүү өрсөлдсөөр ирлээ. Мэдээж яг мэргэжлийн талбайд бэлтгэл сургуулилтаа хийвэл илүү их боломж бидэнд бий болно гэж харж байгаа. Эцсийн дүндээ бид хаа ч Сүхбаатар аймаг гэсэн нэрийн дор явж байгаа болохоор  хүн бүр маш сайн дэмждэг болсон. Мэдээж ар гэрийнхэн, эцэг эхчүүд, хамт олон, орон нутгийн удирдлагуудын хамтын хүч, сэтгэл бас хамгийн том дэмжлэг байгаа нь хамгийн чухал хэмээн тэр ярилаа.

Хэрвээ та хүүхдээ биеэ даасан, үүрэг хариуцлагатай нэгэн болгон өсгөхийг хүсвэл спорт бол үүний гол түлхүүр. Спортоор хичээллэх нь хүүхдийг идэвхитэй байхад нөлөөлдөг төдийгүй дан ганц бие бялдар гэлтгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд чухал ач тустай байдаг.  Ялангуяа хүүхэд багийн сортоор хичээллэх нь бие даах чадварыг хөгжүүлэх, бусадтай харилах чадвар, цагийн менежмент, бусадтай хамтарч ажиллах чадварт сургахын зэрэгцээ олон найз нөхөдтэй болгодог гээд олон давуу талтай. Хүүхдүүд нь энэ багшийн удирдлага доор сдортоор хичээллэснээр дээр хэлсэнчлэн олон давуу талууд бийболж байгааг эцэг эхчүүд тодотгож байлаа.

Ийнхүү Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт үүн дундаа сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжихийн зэрэгцээ баг тамирчдын ур чадвар дээшилж, улсдаа хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж чадсан. Үүний гол түлхүүр нь дасгалжуулагч багш Д.Тасхүү юм.