Аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг сумдын аюулгүйн нөөцийн өвсийг иргэд, малчдад үнэгүй олгох шийдвэрийг гаргалаа.
Мөн малчдад туслах олон төрлийн хандив тусламжийн аянууд өрнөж байна. Энэ нь ямар ч хяналтгүй байгаа учир хандивын аяныг өрнүүлэхдээ Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авдаг байх, одоо үргэлжилж буй аяныг зохион байгуулагчид үйл явцын болоод зарцуулалтын талаар тайлан мэдээлэл өгөхийг анхаарууллаа.
ХХААЯ-аас хуваарилсан 1000 тонн улаанбуудайг татан авах ажлыг ойрын хугацаанд хийнэ. Тээврийн зардалд шаардлагатай 300 орчим сая төгрөгийг орон нутгийн төсөв болон хандив тусламжийн нөөцөөс зарцуулна. Мөн зөвхөн мал гэхээс илүү хүний эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор гурил, будааг хөнгөлөлттэй үнээр татан авчирч олгох үүргийг холбогдох албаныханд өгөв.
Сүхбаатар аймаг 8900 малчин өрхтэй. Гэвч бүх малчин өрх зудад өртөж, малын хорогдол аймгийн хэмжээнд 800 мянгад хүрээд байгаа юм.