Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Улсын төсвийн 5,5 тэрбум тагрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт суманд баригдаж буй спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Цогцолбор нэг давхартаа 30 гаруй өрөөтэй. Энд ажилчдын оффис болон зарим секц дугуйлангийн заал, өрөөнүүд байх бол хоёр давхарт 700 хүний суудалтай, багийн спортын зориулалттай үндсэн заал байрладаг. Мөн энд ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.

Манай хамт олон өвлийн улиралд ч зогсолтгүй ажилласан. Үүний үр дүнд төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад өгөхийг зорьж байна. Ажил эрчимжиж байгаатай холбоотойгоор хүн хүчээ нэмэгдүүлнэ. Барилгын онцлогийн тухайд металл сараалжин дээвэртэй, огторгуйн хучилттай,  дээврийн хийцлэл өндөртэй. Гадна талдаа металл фасадтай. Мөн  гадна талбайн тохижилтыг чулуун хавтангаар, хатуу хучилттай авто машины зогсоолыг хийнэ. Ирэх зургаадгаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгсөн байхаар зорин ажиллаж байна гэж талбайн инженер Б.Отгон хэллээ.

Барилгын ажлыг Их Модун ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн 10-15 хүнийг ажлын байраар хангажээ.