Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сэргээн босголтын багийнхан 12 суманд ажиллаж, 10880 км замыг туулжээ

Зудад нэрвэгдсэн малчдад туслах сэргээн босголтын баг тус аймагт 14 үүрэг гүйцэтгээд буцлаа. Энэ хугацаанд 10880 км замыг туулж, 37-н гэр хашааг нүүлгэн шилжүүлж, цасанд дарагдсан 183 гэр, хашаа хороо гаргаж, хандив тусламжийн өвс тэжээл болон хүнсний бүтээгдэхүүнийг 48 байршилд хүргэж ажилласан байна.

Мөн тэд сум доторх болон баг хоорондын замыг нээх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг суманд дунджаар 500-600 км замыг нээжээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон сэргээн босголтын багийг зудын нөхцөл байдал нэн хүнд байгаа аймгуудруу илгээсэн. Тус баг Сүхбаатар аймгийн 12 суманд 14 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт 127 албан хаагч, 18 техник хэрэгслийг дайчилжээ.

Сүхбаатар аймагт ажилласан багт Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн найман  анги нэгтгэл оролцсон. Нийт нутгаар төмөр зудтай, нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Гэсэн хэдий ч нэг айлд өвс тэжээл хүргэж очоод, дарагдсан цаснаас нь гаргаад өгөхөд үнэхээр их баярлаж байсан. Ажилласан сум болгоны малчид, удирдлагууд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байсан. Сэргээн босголтын баг үнэхээр цаг үеэ олсон, зөв ажил болсонд бид бүхэн таатай байгаа. Тиймээс үүрэг гүйцэтгэсэн нийт алба хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна хэмээн тус багийг удирдаж ажилласан, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа П.Мөнхбат хэллээ.

Үүргээ амжилттай гүйцэтгээд буцаж буй алба хаагчдыг аймгийн удирдлагууд хүлээнавч уулзаж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ баг хамт олноо ахалж ажилласан хошууч С. Ёндонпэрэнлэй, дэд хурандаа Д.Нямсүрэн, дэд хурандаа Н.Үүрцайх нарыг аймгийн хүндэт тэмдгээр, аймгийн хүндэт жуух бичгээр бүх анги нэгтгэлийг шагнаж урамшуулсан юм.