Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Зудын хариу арга хэмжээнд хоёр тэрбум орчим төгрөг зарцуулжээ

Сүхбаатар аймгийн бүх сум төмөр зудын ангилалд шилжиж, зудын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Аймаг орон нутгаас зудын хариу арга хэмжээнд өнгөрсөн аравдугаар сараас хойш өнөөдрийн байдлаар хоёр тэрбум орчим төгрөгийг зарцуулаад байна гэж аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.

Тэрбээр, нэн тэргүүнд өвс тэжээл худалдан авч, хамгийн доод үнээр иргэдэд нийлүүлсэн. Малчдаас гадна сумын төвд ч зуд нүүрэлсэн. Төв, суурин газрын иргэдэд түлээ нүүрс, хүнс тэжээлийн дэмжлэгийг үзүүлсээр байна.

Малчид, иргэд бэлэн мөнгөний хомсдолд орж буйтай холбоотойгоор олон улсын болон, гадаадын төсөл хөтөлбөр рүү хандаж, гурван төслийн хүрээнд нэг сумын 30 өрхөд 380-650 мянган төгрөгийн дэмжлэгийг  олгоод байна. Цаашид ч үүнийг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байна.

Цаашид нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудал бол хүний эрүүл мэнд болсон байна. Өөрөөр хэлбэл биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэнд хүнд байдалтай байна. Тиймээс сумдад сэтгэзүйн багуудыг томилж ажиллуулах, мөн Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч ажиллуулна гэв. 

Тус аймгийн хэмжээнд малын хорогдол нэг саяыг давсан. Олон өрх малгүй болж, хотоо харлуулсан. Тиймээс малчдыг амжиргааны гол эх үүсвэр малтай болгох шаардлага үүссэн. Тиймээс орон нутгийн төсөв болоод хандив, тусламжийн хөрөнгө оруулалтыг малжуулах хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж буйг тодотголоо.