Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Уурхайн ажилчид цалингаа 100 хувиар нэмэхийг шаардан жагсаж байна

Цайрт минерал компанийн ажилчид цалингаа нэмэхийг шаардаж тайван жагсаал хийж байна. Ажилчдын цалингийн доод хэмжээ нь 1 сая 320 мянга, дундаж цалин 2,4 сая төгрөг орчим. Гэвч энэ нь улсын хэмжээнд уул уурхайн салбарын дундаж цалингаас хэд дахин доогуур байгаа нь ийнхүү жагсаал хийх үндэслэл болсон гэлээ.

Энэ талаар тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Алдуул хэлэхдээ, ҮЭХ, компани хоорондын найм дахь удаагийн хамтын хэлэлцээр явагдаж байна. Нийт гишүүдийн хурлаас бүх ажилчдын 100 хувийн саналаар цалинг 100 хувиар нэмэгдүүлэх чиглэлийг ҮЭХ-д өгсөн. Энэ нь ч үндэслэлтэй. Уул уурхайн салбарын дундаж цалин улын хэмжээнд 4,6 сая төгрөг байна. Гэтэл манай компанийн ажилчдын хамгийн доод цалин 1 сая 320 мөнгө, дундаж нь  2,5 сая төгрөг байгаа юм. Хэлэлцээр эхэлснээс хойш талууд таван удаа уулзаж, ярилцсан. Удирдлагуудын зүгээс цалинг 18 хувиар нэмье гэдэг саналаа хэлсэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүнд нөхцөлд ажилладаг уурхайчид жирийн төрийн албан хаагчаас бага цалин авч байна. Тиймээс эхний ээлжинд бүх ажилчдыг уриалан дуудаж тайван жагсаал хийж байна. Үнэхээр шийдэлд хүрэхгүй бол ажил хаялт зарлана. Гэхдээ бид ийм зүйлийг хүсэхгүй байна гэв.

Харин удирдлагуудын хувьд цалин нэмэх шаардлагыг хүлээн авна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал ажил хаях хэмжээнд хүртлээ хурцдаагүй гэх байр суурийг илэрхийлж байв.

Цайрт минераль компани хамтарсан хөрөнгө оруулалттай, шийдвэрийг талууд хэлэлцэж шийднэ. Цас зудын байдалтай холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сараас хойш компани тээвэрлэлт хийгээгүй. Гэсэн хэдий ч үндсэн үйл ажиллагаагаа үргэлжүүлж, хэвийн ажиллаж байна. Бид ажилчдын шаардлагыг хүлээн авна, гэхдээ бидний төсөөллөөс арай өндөр байгаа. Мэдээж цаашид цалинг шат дараатай нэмнэ. Үүний тулд ярилцаж, зөвшилцөж тодорхой тоон дээр тогтох ёстой. Хэт нэг талыг барьж болохгүй гэж үзэж байгаа. Аймаг орон нутгийн хэмжээнд зудын асуудал хүнд хэвээр байна. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд зудад нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор Сүхбаатар сум болон аймгийн Онцгой комисст санхүүгийн болон техник хэрэгслээр дэмжлэг үзүүлсээр байна. Тиймээс аль аль талууд ярилцаж, нэг нэгнээ ойлгож ирээдүйгээ харсан шийдвэрт хүрэхийг хүсэж байна гэж Цайрт минерал компанийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Эднийх 380 орчим ажилтантай. Нийт ажилчдын 40 орчим нь БНХАУ-ын иргэд. Жагсаалд ээлжийн болон амралттай байгаа монгол ажилчид оролцож буй бөгөөд өдрийн, оффисын ажилчид ч мөн уг жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм.