ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч Э.Амарсанаагаар ахлуулсан баг өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа. Тус багийнхан, орон нутгийн эмч нартай хамтран есөн эмэгтэйд хагалгаа хийв.
ХСҮТ-ийн эмч нарын баг эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын тусламжийг үзүүлж, эмч нарыг ажлын байран дээр нь дадлагажуулж, сургаснаараа онцлог. Өөрөөр хэлбэл мэс заслаас гадна эмч нарт “Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд сургалт явуулсан байна.
Орон нутгийн 30 орчим эмэгтэйг хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, есөн эмэгтэйд хагалгаа хийлээ. Өндгөвчний дурангийн хагалгаа нэг, умайн хүзүү тайрах мэс засал хоёр, умайн хоргүй хавдар оношоор умайг бүхэлд нь авах зургаан мэс заслыг амжилттай хийлээ. Нэг хагалгааг орон нутагт анх удаа дурангийн мэс заслын аргаар хийсэн. Ингэснээр цаашид эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг нутагшуулах эхлэл тавигдлаа гэж ойлгож болно. Одоогоор Сүхбаатар аймагт эх барих эмэгтэйчүүдийн арван эмч ажиллаж байна. Эдгээрийг ажлын байран дээр нь дадлагажуулж, сургах ажлыг онол практик хосолсон хэлбэрээр явууллаа гэдгийг багийн ахлагч Э.Амарсанаа танилцууллаа.
Сүхбаатар аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдварын эрсдлүүд, хавдар гэсэн гурван өвчлөл зонхилон тохиолддог байна.
Бид орон нутагдаа эмэгтэйчүүдийн хоргүй хавдрын эмчилгээ, хагалгааг хийдэг. Хортой хавдрын хожуу тохиолдлыг гурав, дөрөвдүгээр шатлалын эмнэлэгт явуулдаг. Гэхдээ бид хадврын хагалгаанд орсон эмэгтэйчүүдээс авсан эд, эсийг шинжилж хортой, хоргүй эсэхийг орон нутагтаа тодорхойлдог. Мөн Улаанбаатарт хагалгаанд ороод ирсэн өвчтөний химийн эмчилгээг ч хийдэг болсон гэдгээрээ давуу талтай. Тиймээс цаашид үүндээ тулгууран энэ удаагийн хийгдсэн хагалгаануудыг орон нутагтаа бие даан хийдэг болох үүний тулд эмч мэргэжилтнүүдээ чаадавхжуулах нэн шаардлагатай. Тиймээс энэхүү дадлага, сургалт цаг үеэ олсон ажил байлаа хэмээн АНЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Эрдэнэтуяа хэллээ.
ХСҮТ-өөс ирсэн багт тус эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа, их эмч Г.Лхагвадорж, Г.Ням-Од эмч нар багтсан бөгөөд хоёр хоногийн хугацаатай ажиллаад буцсан юм.