Сүхбаатар аймгийн Жаахан шарга хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид хөрш зэргэлдээх аймгуудаар аялан тоглохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 28-нд Багануураас эхлэнэ. Мөн Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүдийн иргэдэд Домгийн хатираа этник концерт болон Муурын байшин хүүхдэд зориулсан мюзикл жүжгээ толилуулна.
Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан. Хамт олны маань сүүлийн хэдэн жил яваагoй алсын аялал тоглолт учир сэтгэл хөдлөхийн хэрээр хариуцлага ирж байна. Учир нь бид өнгөрсөн жилүүдэд Жаахан шарга театрынхан хэрхэн өсөж дэвшсэн бэ гэдгээ бусад аймгийн иргэдэд, мөн мэргэжил нэгтнүүддээ дүгнүүлэх болно. Зарим хүмүүсийн хувьд энэ удаагийн аялан тоглолтыг цаг үеэ олсон эсэхэд эргэлзэж байгаа. Хэдийгээр цас зудтай, цаг үе хэцүү байгаа ч бид урлаг, уран бүтээлээрээ дамжуулан иргэдэд сэтгэлийн амар амгалан бас баяр баяслыг өгөх болно. Сэтгэл зүй нь хэцүү байгаа малчид манай тоглолтыг үзээд хоёр цаг ч гэсэн өнгөрсөн бүхнийг мартаасай, уяраасай гэж хүсэж байгаа. Ер нь дайны талбар дээр яагаад хөгжим байдаг байсан юм. Алдарт Манжуурын толгод, Тогоруун цуваа зэрэг бүтээлүүд бүгд дайны талбарт бүтсэн байдаг. Тэгэхээр хөгжим, урлаг гэдэг өөрөө философи юм. Тиймээс миний хувьд энэхүү аялан тоглолтын цаг хугацааг хамгийн зөв сонголт гэж үзэж байгаа хэмээн Жаахан шарга театрын уран сайхны удирдагч, СТА З.Далай хэллээ.
Тус хамт олон дээрх газруудад хамгийн сүүлд 8-13 жилийн өмнө очиж байсан бол Говьсүмбэр аймагт анх удаа тоглох гэж байна. Нийт 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтын багийг бүрдүүлжээ.