Сүхбаатар аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сар гарсаар нийт таван удаагийн хээрийн түймэр гарчээ.
Энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд буюу тав хоногийн хугацаанд Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат сумдын нутагт дээрх түймрүүд гарсан бөгөөд үүний улмаас 37 мянган га газар нутаг, бэлчээр шатаж, азаар хүний амь эрсдээгүй байна. Түймэр гарсан шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч, хохирлын үнэлгээг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг Цагдаагийн газраас мэдээллээ.
Жил бүрийн 9-11, 3-6 дугаар саруудыг ой, хээрийн түймэр гарах хамгийн эрсдэлтэй үе гэж үздэг. Тиймээс иргэдийг түймрээс урьдчилан сэргийлж, авто машины янданг оч баригтай болгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, тамхины ишээ бүрэн унтрааж хэвшихийг анхааруулав.