Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Ардын дууны өвийг өвлөн уламжлагч Н.Лувсанцэрэн 20 гаруй дууг бүтэн мэднэ

Монгол ардын богино  болон уртын дууны өвийг өвлөн уламжлагч, Уулбаян сумын гуравдугаар багийн иргэн Н.Лувсанцэрэн өдгөө 82 настай. Дуулах сонирхолдоо хөтлөгдөн багаасаа нутгийн хүмүүсийн дуулахыг сонссоор монгол ардын 20 гаруй дууг сурчээ.

Би дууг нэг хоёр сонсоод л сурчихдаг. Үгийг нь ч их амархан цээжилдэг байж. Зарим монгол ардын дуунууд долоо, найман бадаг ч бий. Тэр бүгдийг яг бүтнээр нь цээжилж дуулдаг байлаа. Одоо ч хаа нэг дуулахаараа заавал бүтэн дуулж байж санаа амардаг. Монгол ардын богино болон уртын дуунууд тэр чигээрээ гүн гүнзгий утга санааг илэрхийлсэн, өөр өөрийн гэсэн онцлог, агуулгатай байдаг. Ардын дуугаар бусдыг уяруулж, ухааруулж болдог. Тэгэхээр тухайн дууны нэгээс хоёр бадгийг орхиод дуулахад тэр дууны утга алдагддаг хэмээн тэр учирлан ярив.

Н.Луванцэрэн гуай хэдий нас өндөр гарсан ч бие хөнгөн, хэл яриа, сонсгол сайн, хоолой цээл хэвээр. Тийм учраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох дуртай. Залуудаа олон тайзан дээр гарч дуулж байсан тэрбээр өдгөө Уулбаян сумынхаа найр, наадмын хүндэт зочин болжээ.

Мөн тэрээр хоёр ч удаа Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулдаг Нүүдэлчин фестивальд аймгаа төлөөлөн оролцож, нутаг нутгийн иргэдэд өөрийн ая дуугаа өргөж, олны хүндэтгэлийг хүлээсний зэрэгцээ салбарынхаа сайдаас Улсын тэргүүний уран сайханч хэмээх эрхэм шагналыг гардсан байна.  

Би олныхоо дунд байх л хамгийн сайхан. Ялангуяа залуучуудтай ямар нэг үйл ажиллагаанд явахад би ч өөрийгөө 80 гарснаа мартчихдаг юм. Гэхдээ өнөө цагийн хүүхэд, залуучууд монгол ардын дуунуудаа мэддэггүй. Үүнд би их эмзэглэдэг. Миний багш бол  нутгийн минь олон. Би ч өөрийнхөө мэддэг, чаддагаа ядаж л сумынхаа хүүхдүүдэд заахсан гэж хүсдэг. Хүслээр болохгүй юм. Манай хүү их сайхан дуулдаг. Гэхдээ олны өмнө гарах дургүй. Ач, зээ нар маань ч одоохондоо монгол ардын дууг сонирхохгүй л байна. Уг нь монгол ардын дуу бол монгол түмний соёлын үнэт өв юм шүү дээ. Үүнийг илүү олон хүн, тэр тусмаа хүүхэд залуучууд маань үргэлжлүүлэн түгээн дэлгэрүүлж яваасай гэж чин сэтгэлээээ хүсдэг дээ гэдгээ Н.Лувсанцэрэн хэллээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд соёлын биет өвийг өвлөн  уламжлагч 412 байдгаас 24 нь Уулбаян суманд байдаг.