Шинэ хоршоо хөдөлгөөний зүүн бүсийн ахлагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэд аймаг орон нутгийн удирдлагууд болон Сүхбаатар, Баруун-Урт сумын иргэд, малчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр шинэ хоршоо хөдөлгөөний талаар болоод хороо хэрхэн байгуулах, хоршоонд олгох хөнгөлөлттэй зээл, газрын талаар танилцуулга, мэдээллийг өгсөн юм. Мөн хоршоо болсноор хамтаараа хөгжих боломж, ач холбогдол, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцсон юм. ХАА бүтээгдэхүүний үнэ цэн, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хамтарч, хорших нь хамгийн чухал гэдгийг ч малчид хүлээн зөвшөөрч, уг хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Гагцхүү хоршоо байгуулах, хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах арга, туршлагын талаар маш сайн мэдээлэл, сургалтууд хэрэгтэйг онцолж байлаа.
Мөн ажлын хэсгийнхэн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй Өндөр хамар хоршоотой танилцсан. Тус хоршоо нь 2014 онд малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх чиглэлээр байгуулагдаж, өдгөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 180 гишүүнтэй. Жилээс жилд хоршоонд нэгдэх малчдын тоо, сонирхол нэмэгдэж буйг менежер З.Рэгзэдмаа хэллээ. Мөн тэрээр малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нийлүүлэлт их байгаа ч үнэгүйдсэнтэй холбоотойгоор хоршоо борлуулалтаа хийж чадахгүй байгааг учирлаж байсан юм. Тус хоршооны агуулахад өдгөө 2023 оны 100 тонн ноос хадгалагдаж байна.