Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Зэгст нууранд цэн тогоруу иржээ

Нэн ховор зүйлийн шувуу болох “Цэн тогоруу” Дарьгангын Зэгст нууранд арвуулаа иржээ. Тус шувуу нь нүүдлийн үедээ Монгол орны зүүн хязгаар нутаг тэр дундаа  Дарьгангын нутагт дамжин буудаллахын зэрэгцээ өндөлөж, зусаад буцдаг байна.

Цэн тогоруу нь 4 дүгээр сарын сүүл, 5 дугаар сарын эхээр өндөглөдөг ба ихэвчлэн хоёр өндөг гаргадаг. Дэгдээхий нь шавьж, хорхой, ургамлын үндэс, нахиагаар хооллон 8 дугаар сард нисэх чадвартай болохоор буцаж, Хятадын нутагт өвөлждөг.

Тус шувуу нь Дарьгангад жил бүр ирж буудаг бөгөөд ихэнхдээ Ганга, Зэгст болон Цээлийн нуурт буудаг байна. Учир нь тус нуур нь цэн тогоруу өндгөө гаргаж, бойжуулахад хамгийн тохиромжтой гэж үздэг байна.

Монголд төдийгүй дэлхийд ховордож буй тус шувууг нэн ховор амьтны жагсаалтад бүртгүүлэх, байршил нутгийн хамгаалалтыг сайжруулах, өндөглөн зусдаг байршил нутгийн хүн,  малын сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах сурталчилгаа хийх зэрэг хамгаалалтын арга хэмжээг авах нэн шаардлагатай болжээ.

Гэрэл зургийг: н.Амаржаргал