Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“Хубилай хааны зарлиг-Монголбанк 100 жил” сэдэвт торгон маркыг танилцууллаа

Монгол орон даяар нэгэн зэрэг Монгол Банкны 100 жилд зориулсан “Хубилай хааны зарлиг-Монгол банк 100 жил” сэдэвт торгон маркны танилцуулга, нээлт 6 дугаар сарын 2-нд боллоо.

Торгон маркийг Монгол улс 1148 дахь сэдвийн хүрээнд гаргаж байна. Энэхүү марк нь гурав дахь удаагийн хэвлэлт бөгөөд анх 1982 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах XII удаагийн тэмцээнд зориулан хэвлэж байжээ. Түүнээс хойш 2003 онд “Их Монгол-Хубилай хаан” сэдэвт, 2024 онд энэхүү маркийг 29×35 мм хэмжээтэй, 21000 ширхэг хэвлэсэн бөгөөд зураач Х.Одон тэргүүтэй уран бүтээлчид хоёр жил зурж, бүтээжээ.

Манай Улсын анхны марк 1924 онд бат бөх, дийлдэшгүй байхын билэгдэл “Элдэв-Очир” нэртэй долоон төрлөөр хэвлэгдэж байжээ. Одоогоос 100 жилийн өмнө 1924 оны 6 дугаар сарын 2-ны энэ өдөр Монгол-Оросын хамтарсан банк нээгдэж байсан түүхтэй. Мөн 800 жилийн тэртээ дэлхийн талыг эзэлж явсан Монголчууд Хувилай хааны зарлигаар цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргахаар болсон тэр агшинг дүрсэлсэн торгон марк болж түүхэнд үлдэж байгаа нь энэ юм.

Аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбар, Монгол шуудан үйлчилгээний газар, арилжааны банкны салбаруудын хамт олон энэхүү түүхэн үйл явдалд оролцов. Мөн Сүхбаатар аймагт банкны тогтолцоо үүссэн түүх, зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд танилцууллаа.