Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн мөнгөн урлалын танхимд хадгалагдаж буй үзмэрүүдээс иргэд, үзэгчдийн анхаарал, сонирхлыг хамгийн их ихээр татдаг бүтээлүүдийн нэг бол төрдөг аяга юм. Том аяганы ёроолоос жижиг аяга гарч ирдэг учраас ингэж нэрлэсэн байна.
Энэхүү бүтээлийг Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн захиалгаар алдарт дархан н.Зундуйн ач хүү, гурван үеийн дархан Н.Амартайваны бүтээжээ. Ингэхдээ тэрээр Дарьганга хийцийн хамгийн жижиг аяга хийхийг зорьж, жижиг мөнгөн аягыг хүний аманд багтах хэмжээтэйгээр урлажээ.
Жижиг буюу хүү аяга
Дарьганга хийц доторх хамгийн жижиг аяга бөгөөд амсрын диаметр 6.2 см, өндөр нь 2.9 см, ёроолын диаметр 3.3 см аж. Аяганы ёроол хэсэгт металл дээр паалан суулгах технологиор таван нүдний өлзий хээ, бад цэцэг, үүлэн хээг дүрсэлсэн. Аяганы дотор талын гол хэсэгт таван ширхэг улаан өнгийн дэлбээг товойлгож дэлбээн голд таван ширхэг үр, дэлбээний гадна талаар таван ширхэг ногоон навчийг угалзруулан дүрсэлж навч тус бүрийн завсараас таван ширхэг цэнхэр навч цухуйж буйгаар дүрсэлсэн маш нарийн, чамин хийцтэй. Мөн цэцэгний голыг товойлгож уран тансаг урлажээ. Аяганы гадна талын ёроолыг тойруулан алхан хээг урлаж, завсраар нь хөх цэнхэр өнгийн паалангаар пааландсан байна. Гар аргаар металл дээр паалан суулгаж урлах арга нь 30 гаруй жил тасалдаад байсныг Дарьгангын залуу үеийн төлөөлөл болсон Н.Амартайван сэргээж урласан юм байна.Том буюу эх аяга
Аяганы өндөр нь 8.4см, амсрын диаметр 15.2см, аяганы гүн 3.8см, ёроолын диаметр нь 3.3см. Аяганы дотор талд арга билгийн загас, загасыг тойруулж усан долгио бүхий хээг урласан байна. Модон тагшийг жийжүүдсэн, аяганы ёроолын дээд талын туурганд монголын уламжлалт ханан сүлжээ хээг дүрсэлж, сүлжээсэн дээгүүр цэнхэр өнгийн паалангаар пааландсан байна. Аяганы ёроолын дээд ирмэгээр төгсөлтгүй үргэлжлэх түмэн наст хээг урлаж, хээний голоор шар өнгийн паалангаар пааландаж, аяганы ёроолын доод ирмэгээр өлзий хээг урлаж, хээний нүдэнд 102 ширхэг шүр шигтгэж өгсөн байна.