Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Парис-2024 Паралимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Баруун-Урт сумын харьяат Монгол Улсын алдарт уяач У.Тамир нар “Гангар хун-2024” цомын эзэд болжээ.
Сүхбаатар нутгийн бахархалт хун шувуугаар бэлгэдсэн Гангар хун оны тэргүүн наадмыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг. 2024 оны шилдгүүдээ алдаршуулах “Гангар хун” наадам 12 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо болж, цомын эздээ тодруулжээ.
Тус наадмаар нутаг орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан, түүхэн амжилт үзүүлсэн, шинэ санаачлагыг нэвтрүүлсэн зэргээр тухайн жилийн шилдгийн шилдэг хүмүүнд дээрх цомыг олгодог уламжлалтай. Мөн нутаг нэгтнүүд нэгэн дор цугларч, өөр хоорондоо танилцаж, ололт амжилтаа хуваалцаж, нутаг орноо дурсан алдаа оноогоо дэнсэлдэг өөрөөр хэлбэл Сүхбаатарынхныг нэгтгэж чаддаг томоохон үйл ажиллагаа болж чаджээ.
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүнээр, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ажилладаг юм. Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс МУГТ Г.Болор-Эрдэнийг мөн энэ үеэр 20 сая төгрөгөөр урамшуулсан байна.