Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппараттай боллоо. Эрүүл мэндийн яам, Дэлхий банкны 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр G14-3 маркын иж бүрэн аппаратыг Дүрс оношлогооны тасагт суурилуулж, байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тус аймгаас жилд 1000 гаруй иргэн хөрш зэргэлдээ аймаг болон Улаанбаатар хот руу компьютерийн нарийн оношилгоонд орохоор явдаг байжээ. Харин энэ өдрөөс хойш иргэд орон нутагтаа компьютер томографын оношлогоонд орох нөхцөл бүрэн хангагдаж байгаа юм.
Төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Идэрбат, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төслийн зохицуулагч С.Энхболд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д. Алтантуяа нар оролцлоо. Цаашид төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, хамгийн гол нь аппаратын хүчин чадлын бүрэн ашиглаж ард иргэдэд шаардлагатай үйлчилгээг нь цаг алдалгүй үзүүлж хэвших шаардлагатайг аймгийн Засаг дарга салбарын удирдлагуудад захиж байлаа.
Аппаратын нийлүүлэх тендерт шалгарсан Сетурнари ХХК орон нутагт авчирч суурилуулсан бөгөөд цаашид засвар үйлчилгээний ажлыг тодорхой хугацаанд хариуцах юм.