Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан чанартай, хямд үнэтэй орон сууц барихад уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой уялдуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлуулж, иргэдээ орон сууцжуулах бодлого дэвшүүлэн ирэх 4 жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн билээ.
Орон сууцны ипотекийн зээлд анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчид зэрэг ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦАНД хамруулахаар төлөвлөж байна.
Дээрх зорилтоо хэрэгжүүлэхэд Хуримтлалын сан, улсын төсөв, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж зэрэг гадаад дотоод бүхий л нөөц боломжоор ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.