Өнөөдөр архивчдын баярын өдөр. Архивын алба үүсэж хөгжсөний 97 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн Архивын тасгийн зааварлагч, аргазүйч Б.Эрдэнэноминг онцолж байна. Ажил үүргийнх нь нэршил зааварлагч, аргазүйч гэх хэдий ч түүнийг нутгийн иргэд аймгийн тамгын газрын архивч Номио гэдгээр нь андахгүй.
Учир нь тэр яг энэ мэргэжлээрээ тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Олны хөл тасардаггүй архивын тасгаар орж гарсан болгонд тусалж, зааварлаж явсаар танилын хүрээ нь арвин болжээ.
Б.Эрдэнэномин аймгийн МСҮТ-ийн Архив албан хэрэг хөтлөлт, компьютер прогаммистын ангийг төгсөөд шууд ажлын байран дээр гарсан. Ажиллах хугацаандаа мэргэжлээ дээшлүүлж түүхч, архивч мэргэжлийг бакалавр зэрэгтэй төгсжээ.
Өнөөдөр бол Монгол улсынхаа үүх түүх, соёлыг алдаа оноотой нь яг бодитоор хадгалж үлддэг архивч, бичиг хэргийн ажилтнуудын баярын өдөр. Архивчид бидний хувьд үнэ цэнтэй, чухал өдөр гэж ойлгож болно. Төрийн архивын үндэс суурь нь байгууллагын архиваас үүсдэг. Тиймээс архивчид бид бүхэн байгууллагынхаа түүхийг ирээдүй хойчдоо зориулж үнэн бодитоор нь үлдээхийн тулд албан хаагчид, тэдний үйл хэрэг, амжилт бүтээлийг үнэн зөвөөр хадгалж авч үлдэх нь хамгийн чухал гэж бодож бүх цаг үед ажлаа нэгт тавьдаг. Бидний ажил харахад ачаалал ихтэй мэт боловч хүн өөрөө мэргэжлийг нь эзэмшээд, олон жил хийгээд, дадаад ирэхээр огтхон ч хүнд хэцүү санагддаггүй юм билээ. Харин ч ажилдаа илүү дурлаж мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг. Манай тасаг 52 мянган хадгаламжийн нэгжтэй. Хүн харахад нэгэн ижил өнгийн цаас, хэрэгтэй зүйлээ олоход төвөгтэй мэт байж болох ч зориод ирсэн хүнд таван минутын дотор хүссэн материалыг нь гаргаад л өгчихнө. Ажил гарт орно гэдэг нь энэ байх гэж Б.Эрдэнэномин ярилаа.
Улсын хэмжээнд 2011 оноос архивын материалуудыг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Одоогоор энэ ажил Сүхбаатар аймагт 19 хувьтай үргэлжилж байна.
Архив цахимжих нь зөв. Гэхдээ цаасан суурьтай баримтыг давхар хадгалах зайлшгүй шаардлагатай. Он удаан жил болсон цас, түүн дээрх бичиг хүртэл өөрөө тэр чигээрээ тухайн цаг үеийн түүхийг харуулдаг. Гагцхүү стандартын орчинд нь хадгалах ёстой. Эдний ажлын орчин нөхцөл сүүлийн жилүүдэд эрс сайжирч, архив бичиг хэрэг хадгалалтыг ч стандартад нийцүүлж байгааг тэрбээр онцолсон.
2020 онд батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн шинэ хуулиар архивын тасаг 12 орон тоотой байхаар заасан байдаг. Гэвч орон нутагт энэ хууль тэр бүр хэрэгжиж чадахгүй байгаа нь үнэн. Сүхбаатар аймгийн Архивын тасаг ч үүний тод жишээ. Өдгөө тус тасаг зургаан ажилтантай. Нэг албан хаагч 2-3 хүний ажлыг давхар гүйцтгэж байна. Гэвч чадахгүй гээд арагш сууж, хамт олныхоо ажлыг арагш татах хүн үгүй. Яагаад гэвэл тэд бүгд өөр өөрийн урдах ажлаа маш сайн гүйцэтгэх чадвартай гэнэ.
Тэртээ 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлын тогтоолоор Судар бичгийн хүрээлэнгийн хуучин данс бичиг эрхлэх нэгэн орон тоог баталж, түүнд Ц.Лувсанг тохоон томилон ажилуулах болсон бөгөөд үүгээр Монгол Улсад орчин цагийн архивын албаны үйл ажиллагааны эхлэлийг авч үздэг билээ.