Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Олон жил царцсан таван барилга энэ онд ашиглалтад оржээ
default

Энэ онд тус аймагт олон жил царцсан болон барилгын ажил удаашралтай байсан таван барилга ашиглалтад оржээ. Тодруулбал, улсын төсвөөр 960 хүүхдийн сургууль, 700 хүний суудалтай спорт цогцолбор, Түвшинширээ суманд 100 хүүхдийн дотуур байр, Сүхбаатар суманд 100 хүүхдийн дотуур байр, Дарьганга суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оржээ.

Мөн орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалтаар 248 айлын дөрвөн блок орон сууц шинээр ашиглалтад орсон байна.

Хот байгуулалтын чиглэлээр Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн, Халзан, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Уулбаян сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн хийж батлуулахаар илгээсэн бол бусад сумдад гүйцтгэлийн түвшинд үргэлжилж байгаа аж.

Шугам сүлжээний чиглэлээр нийт 974 метр дулааны, 551 метр цэвэр усны, 640метр ариутгах татуургын шугам шинээр тавьсан бол мэдээлэл холбоо сүлжээний 1036 метр, цахилгаан дамжулах агаарын шугамын 3834 метр сүлжээг байнгын ашиглалтад оруулсан байна.

Аймгийн газрын төлбөрийн орлогыг давуулан биелүүлж 447 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, урьдчилсан төлөвлөгөөгөөр газрын дуудлага худалдаагаар нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн орлого олохоор  дуудлага худалдааг 13 суманд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын дэргэдэх барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь найман нэр төрлийн дээжид 15 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг. Тус лабораторит 138 дээжид шинжилгээ хийсэн гэж аймгийн ГХБХБГ-аас танилцууллаа.