Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next Step” оны шилдэг залуу шалгаруулах ёслолын ажиллагаа маргааш болно. Нийт 13 салбарын шилдгүүдийг шалгаруулах бөгөөд 39 хүртэлх насны бүх залуус өрсөлдөх боломжтойгоороо онцлог юм.
Ёслолын ажиллагааны бэлтгэл 90 орчим хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн жил цас зудын байдлаас болоод энэ үйл ажиллагаа маань цуцлагдаж байсан. Хоёр жилийн хугацаанд залууст маань ч багагүй хүлээлт үүссэн байна. Таксын борлуулалт маш хурдан хийгдэж, шилдэгт өрсөлдөх нэр дэвшигчид нь олон байна. Нийт 13 Салбарт 120 орчим нэр дэвшигчийн материал ирж, бид шалгаруулалтаа хийсэн. Үнэхээр энэ цаг үедээ амжилт гаргасан залуусаа бид урамшуулна.
Сүхбаатар аймгийн нийт хүн амын 50 хувийг залуучууд эзэлдэг. Тийм ч учраас залуучуудын холбоо төрийн болон бусад ТББ-уудтай хамтарч ажиллах шаардлагатай. Манай баг хамт олон 2018 онд холбоог өмнөх удирдлагаас хүлээж авсан. Анх нэг хадаг, ном хоёр л бидний гар дээр ирж байсан. Харин энэ зургаан жилийн хугацаанд холбоог албан ёсны гэрчилгээ, тамгатай болгож бүртгэлжүүллээ. Мөн холбоо өөрийн гэсэн байртай, бүх суманд салбар холбоотой, уламжлал болсон ажилтай болсон байна. Хамгийн чухал нь бид аймгийн ИТХ-аар тогтоол гаргуулж сар бүрийн 25-ныг залуучуудын өдөр болгон зарлаж, мөн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлббөрийг батлуулж дөрвөн жил хэрэгжүүллээ. МЗХ-ны түүхт 100 жилийн ойг 21 аймгаас ганцаараа тэмдэглэн өнгөрүүлж энэ байгууллагынхаа түүхийг хадгалсан номыг бүтээлгэж чадсан байдаг. Энэ бүх амжилтуудаараа манай баг хамт олон улсдаа ч тэргүүлж байсан. Залуусынхаа өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай байгаа болохоор бардам ээлжит ёслолын ажиллагаагаа хийх гэж байна гэж Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ.