Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Түвшинширээ сумын ЗДТГ-ыг байртай болгоход нэн тэргүүнд анхаарна

Аймгийн Засаг дарга М.Идэрбат Түвшинширээ суманд ажиллаж байна.

Сумын удирдлагууд болон албан байгууллагын дарга, эрхлэгч нар тус бүр мэдээлэл хийж өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудал цаашид хийх шаардлагатай хөрөнгө оруулалтын талаарх саналаа танилцууллаа.

Түвшинширээ сум өнгөрсөн онд нэгдсэн халаалтад холбогдсон нь маш том хөрөнгө оруулалт болсон бөгөөд цаашид цэвэр, бохирын шугамд давхар холбохажлыг үргэлжлүүлнэ. Мөн сурагчдын дотуур байр ашиглалтад ороод удаагүй байгаа бол  улсын төсвийн 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн шинэ барилгын ажил эхэлсэн, 2026 онд ашиглалтад орно. Хүүхдийн цэцэрлэг хуучин нэгдүгээр байр болон гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байна. Хоёрдугаар байрыг нэн даруй засварлах шаардлагатай.  Харин сумын ЗДТГ Соёлын төвдөө байрлан ажилладаг. Өөрөөр хэлбэл зарим төсөвт байгууллагын барилга байгууламжийн асуудал хүндрэлтэй.

Тиймээс ЗДТГ-ын байрны асуудлыг 4 жилийн хөгжлийн хөтөлбөрт нэн тэргүүнд тусгаж, 2026 оны улсын төсөвт тусгуулахад анхаарахаа аймгийн Засаг дарга хэллээ.

Мөн ирэх жилүүдэд нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд боловсон хүчнийг дэмжихэд анхаарч ажиллана. Тиймээс сум орон нутагт дутагдалтай байгаа боловсон хүчнийг өөр аймаг, сумаас татан авчрахад анхаарлаа хандуулахыг үүрэг болгов.

2025 онд Түвшинширээ сумын түүхт 100 жилийн ой тохионо. Үүнтэй холбоотойгоор баяр наадмын талбайг шинэчлэн засварлах, халуун устай болох, орон нутаг судлах танхимаа тохижуулах, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай байгааг сумын Засаг дарга танилцууллаа.