Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн хязгаарлалаа

Томуу, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Аймгийн Засаг даргын захирамжаар долоон суманд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг болон өндөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 2-ноос 20 хүртэл түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлалаа.

Тодруулбал, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Халзан, Түмэнцогт сумдад дээрх захирамж үйлчилнэ.

Ийн цэцэрлэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн хязгаарласантай холбогдуулан бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол гэмтэл, эрсдлээс сэргийлэхийг, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг эх, асран хамгаалагчдад байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулжээ.

Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 17,3 түргэн тусамжийн дуудлагын 32,7 эмнэлэгт хэвтэгсдийн 50,6 хувийг эзэлж байна. Мөн 0-15 хүртэлх насныхны дунд элбэг тохиолдож байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна гэж ЭМГ-аас мэдээллээ.