Жил бүр сар шинийн баярын босгон дээр төрийн дээд одон медаль болон аймгийн Засаг даргын нэрэмжит болзолт шагналыг олгодог уламжлалтай. Энэ хүрээнд өнөөдөр дөрвөн иргэнд төрийн медаль гардуулав. Мөн боловсрол болон спортын салбарт өндөр амжилт гаргасан багш сурагч, тамирчдыг шагнаж урамшууллаа.
Өнгөрч буй хулгана жил Сүхбаатарчуудын хувьд ололт амжилт арвинтай, өгөөж буянаа өгсөн жил байлаа. Аймаг орон нутгаас минь шинээр дөрвөн гавъяат төрөн гарлаа. Төрийн одон медалиар олон хүн шагнагдлаа. Зарим хүмүүсийн шагнал хараахан ирж амжаагүй учир сар шинийн баярын дараа үргэлжлүүлэн гардуулж өгнө. Цар тахалтай холбоотойгоор тэмцээн уралдаан цөөхөн болсон ч манай аймгийн багш нар, хүүхдүүд маань чамлахааргүй амжилтыг гаргасан бахдам амжилтуудыг нь цохон тэмдэглэж байгаадаа баяртай байна гэдгээ аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ хэллээ.
Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Б.Амаа, Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан С.Билэгсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар худалдааны салбарын ахмад ажилтан С.Алтанцэцэг, Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн сургалтын менежер Б.Хишигмаа нар шагнагдлаа.
Харин аймгийн Засаг даргын 2017 оны А/69 дүгээр шагналын болзолыг хангасан боловсролын салбарын дөрвөн байгууллага, 21 багш, дөрвөн сурагчийг нийт долоон сая төгрөгөөр, спортын өндөр амжилт гаргасан 42 тамирчин, дасгалжуулагчийг найман сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Т.ОДОНЧИМЭГ