Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд 02 дугаар сарын 09-нд орон нутгийн 168 иргэнээ татан авах ажлыг амжилттай зохион байгууллаа. Эдгээр иргэдийг замд нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх иргэний хариу сөрөг гарчээ. Гэвч сөрөг гарсан гээд тайвширч болохгүй. Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн ажиглалтад байх бөгөөд энэ хугацаанд иргэд гэрээсээ гарахгүй байж, гэртээ хүн урихаас татгалзах, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бусад зөвлөмжиийг дагахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн эдгээр иргэдийн гэрийн гадна талд урьдчилан сэргийлэх зорилгоор “Ажиглалт-14 хоног” гэсэн тэмдэглэгээг байршуулж байгаа аж. Энэ нь тухайн иргэнийг халдвартай гэж байгаа зүйл биш, харин энэ хашаа, энэ айлд ажиглалтын иргэн байна гэдгийг таниулах зорилготой юм.
02 дугаар сарын 05-аас 02 дугаар сарын 09-ийг хүртэл хугацаанд тус аймагт Улаанбаатар хотоос нийт 238 иргэн хувийн болон нийтийн тээврээр иржээ.
Т.ОДОНЧИМЭГ