Аймгийн Засаг дарга М.Идэрбат ЗДТГ-ын гадаад харилцаа, олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний хамтаар АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майк Клеческитай албан уулзалт хийжээ. Уулзалтаар Засаг дарга М.Идэрбат орон нутагтаа Америкийн соёл мэдээллийн төв байгуулах саналтай байгаагаа уламжилжээ.
Энэхүү төвийг орон нутагт байгуулсанаар хүүхэд, залуучууд англи хэлийг орон нутагтаа үнэ төлбөргүй сурах, оюутан,сурагч, залуусын бүтээлч сэтгэлгээ,зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг олгоход чиглэсэн сургалтуудыг явуулах боломжтой болох юм. Улмаар саналыг АНУ-ын элчин сайд дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Одоогоор манай улсад ийм төв таван аймагт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Уулзалтын үеэр АНУ-ын элчин сайдын яамны зүгээс одоогоор Монгол Улсад хэрэгжүүлж буй англи хэлний боловсролыг дэмжих солилцооны хөтөлбөрүүд, соёлын өвийг хамгаалах элчин сайдын нэрэмжит сангийн талаар танилцуулжээ. Мөн талууд Сүхбаатар аймгийн хөгжлийн давуу тал,эдийн засаг, аялал жуулчлал,соёл боловсролын талаар харилцан санал солилцсон байна.
Т.ОДОНЧИМЭГ