Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛД 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ОЛГООД БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл”-ийг Сүхбаатар аймагт олгож эхэлсэн. Одоогоор тус аймгийн хэмжээнд зургаан ААНБ, 42 иргэнд нийт 1,9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж.
Энэхүү зээл нь зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй ААНБ, иргэнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгогдох юм. Хувиараа бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэлх, НӨАТ төлөгч ААНБ-д 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэйгээр олгоно. Гэвч орон нутагт энэхүү нөхцлийг хангах үйлдвэрлэл эрхлэгч цөөхөн тул хүн бүр зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Энэ тухай гомдлууд ч холбогдох газруудад иржээ. Тиймээс Засгийн Газраас ирүүлсэн чиглэлийн дагуу иргэдэд энэхүү зээлийн талаарх мэдээллийг өгөх ажлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Монгол банктай хамтран хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан зээлийн танилцуулга, хэрхэн хамрагдах талаар мэдээллийг өглөө. Цаашид цувралаар мэдээлэл хүргэх юм.
Сүхбаатар аймгийн хэмжээнд одоогоор албан ёсны бүртгэлтэй 300 гаруй ААНБ үйл ажиллагаагаа явуулж байна.

Т.ОДОНЧИМЭГ