Энэ жил Сүхбаатар аймаг 400 гаруй тонн ноолуур бэлтгэж, 60 гаруй тэрбум төгрөгийг малчид болон аймаг орон нутагт төвлөрүүлнэ гэж төвлөжээ. Одоогоор нийт малчдын 80 орчим хувь нь ямаагаа самнаж, ноолуураа тушаагаад байна. Ноолуурын ханш ч өндөр эхэлсэн учир малчид ямаагаа эрт самнаж, харьцангуй өндөр үнээр борлуулсан гэж мэдээллээ.
Манай аймгийн малчид ямаагаа эрт самнадаг. Төллөхөөс нь өмнө самнаад эхэлчихдэг учир бараг дуусах шатандаа явж байна. Бидний авсан мэдээгээр одоогоор ихэвчлэн бага насны ямаанууд үлдсэн. Энэ нь нийт ямааны 20 орчим хувийг эзэлж байгаа юм. Баруун аймгууд зудтай байсан, мал онд муу орсон, зүүн аймгууд өвөлжилт сайхан, ноолуурын гарц, чанар сайн байгаатай холбоотойгоор үнэ ч өндөр байлаа. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэмтэй байгаа учир ноолуурын борлуулалтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнээс өмнө бол бэлтгэгдээд нөөцлөгдсөн байсан ноолуурыг Улаанбаатар хотруу ачуулсан. Малчдын зүгээс ноолуураа тушаамаар байна гээд элдэв асуудал, гомдол гаргаад байгаа зүйл одоогоор байхгүй. Хорио тавигдахаар малчид үлдсэн ноолуураа тухайн үеийнх нь ханшаар борлуулах боломжтой гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очир хэллээ.
Тус аймагт ноолуурын ханш 150-аас эхэлсэн бол энэ дүн бага зэрэг буурч, одоогоор 120-125 мянган төгрөгийн хаштай байна.
Т.ОДОНЧИМЭГ