Сүхбаатар аймагруу орж, гарах замын хөдөлгөөнийг хаасан ч хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байгаа. Ингэхдээ тусгай цахим системийг нэвтрүүлсэн. Уг систем нэвтэрснээс хойш 1300 орчим иргэнээс хүсэлт ирсэн бөгөөд үүний 50 гаруй хувийг шийдэрлэжээ.
Сүхбаатар аймагруу ирэх болон гарах зайлшгүй шаардлагатай иргэд smart.sukhbaatar.gov.mn хаягаар нэвтэрч асуумжийг бөглөх ёстой. Асуумжинд иргэний мэдээллээс гадна хаанаас хаа хүрэх, шалтгаан, вакцинд хамрагдсан байдал зэргийг нарийн тусгажээ.
Ирсэн хүсэлтийг 24 цагт багтаан судлаж, хариуг мөн цахимаар өгч байгаа юм.
Цахим системийн ажил, иргэдээс ирсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцтай Онцгой комиссын дарга М.Идэрбат танилцаж, иргэдийг аль болох хүндрүүлэхгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэн өгч, татгалзсан бол яагаад гэдэг учир шалтгааныг нарийн тайлбарлаж илгээхийг анхаарууллаа. Учир нь үүний улмаас иргэд пост дээр ирж ачаалал үүсгэх, үл ойлгоцлоос болж маргаан үүсэх зэрэг зөрчил гарч байгаа аж.