Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Нөөцийн өвсийг сумдад олгож эхэллээ

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 60 мянган боодлоор нэмэгдүүлсэн. Нөөцийн өвсийг сумдад олгож эхэлсэн бөгөөд иргэд малчдад хөнгөлөлттэй үнээр очих юм.

Нөөцийн өвсийг нэмэгдүүлэхдээ хил орчмын бүсэд байсан өвсийг татан авчирч, аймгийн төвд нэгтгэсэн. Үүнд 700 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Нэг суманд 4000-5000 боодол өвс ноогдоно. Өвсийг сумдын ЗДТГ иргэд, малчиддаа олгох ажлыг зохион байгуулах бөгөөд ингэхдээ нэг боодол өвсний үнийг 10 мянгаас дээшгүй байхаар чиглэл өглөө.

УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагын төлөөлөл зарим сумдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаад ирсний дагуу эхний ээлжинд нэн хүнд нөхцөлд байгаа Баяндэлгэр, Түвшинширээ сумдад олгох өвсийг ачсан цуваа ийн хөдөллөө.